Өнөөдөр 15.00 цагийн орчимд нийслэлийн иргэдэд газар хөдлөлтийн улмаас үүдсэн чичиргээ мэдрэгдлээ.
Энэ талаар нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж буйгаар нийслэлд
3-5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт
нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 10 гаруй км-ийн зайтай газар
болжээ. Тус газар 15.15 цаг 35 секундэд 5,1 магнитутын хүчтэй газар
хөдлөлт болсны улмаас газрын гадаргууд буюу нийслэлд 3-5 баллын хүчтэй
газар хөдлөлтийг үүсгэжээ.
Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн осол гамшиг үүсээгүй. Мөн барилга байшин нурсан гэх мэдээлэл одоогоор алга байна.
Харин нийслэлийн чухам хаана, ямар хэмжээний газар хөдлөлт болсон талаар судалгаа шинжилгээ явуулж эхэлжээ.
Иргэдийн хувьд газар хөдлөлтийн улмаас үүссэн чичиргээ нилээд
мэдрэгдлээ. Зарим хүний дотор муухай оргих, толгой эргэх гэх мэт шинж
тэмдгүүд илэрч, ширээн дээрх аягатай цайнд чичиргээ үүсчээ. Харин
автомашинтай иргэд төдийлөн анзаараагүй байна. Газар хөдлөлтийг хэрхэн
мэдсэн талаар нэгэн иргэн "хэвтэж байтал ор хөдлөх шиг болсон. Яагаад
хөдөлчихөв өө гэж бодоод гайхаад л өнгөрсөн" хэмээн ярьсан бол БЗД-ийн
12-р хорооны иргэн О:
-Цай уугаад сууж байтал гэнэт дотор эвгүй болсон. Бүх юм дайвалзаад
би өөрийгөө унах нь уу гэж бодлоо. Хэрвээ илүү хүчтэй газар хөдлөлт
болвол юугаа ч мэдэхгүй байж байгаад "явчих" юм байна л даа хэмээсэн
юм. Үнэхээр илүү хүчтэй газар хөдлөлт болвол нийслэлийнхэн бэлэн үү.
Мэргэжлийн байгууллагууд хүний амь нас эрсдүүлэлгүй арга хэмжээ авах
боломжтой юу. Энэ мэт асуултад тэд одоогоор хариулах боломжгүйгээр
ажиллаж байгаа гэлээ.
Харин иргэдийн хувьд хүчтэй газар хөдлөлтийн үеэр хэрхэн амиа аврах
талаараа мэдлэгтэй юу гэсэн асуултанд цөөнгүй хүн "сайн мэдэхгүй юм"
хэмээн хариуллаа. Гэвч дээрх асуултуудад бид хариулттай байх нь зүйтэй
юм гэсэн сургамжийг энэ удаагийн бага боловч баллын хүчтэй газар
хөдлөлт бидэнд үлдээлээ.
|