Энэ мэдээ манай анхний мэдээ болохоор аймар байж магадгүй байх. Нийслэлийн Хан-Уул дүүргийн V хороо, Яармагийн 13 дугаар гудамжинд
оршин сууж байсан 19 настай М гэртээ гэрээслэл бичиж үлдээгээд амиа
хорлосон харамсалтай хэрэг хэд хоногийн өмнө гарчээ. Түүний цогцосыг
иргэдийн мэдээллийн мөрөөр цагдаагийхан өнгөрсөн даваа гаригт олсон
байна. Уг хэргийн талаар тодруулахаар талийгаачийн амьдарч байсан
газраар очиж холбогдох эх сурвалжуудтай уулзсан юм.
Ямар шалтгаанаар дээрх алхамыг хийх болсноо гэрээслэлдээ бичиж үлдээжээ
Талийгаач Дорнод аймгийн харьяат бөгөөд залуу насны хүсэл мөрөөдөл тээн
бусдын л адил Улаанбаатар хотод иржээ. Ингээд Яармагт хамаатны ах,
эгчийндээ амьдрах болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач
сэтгэл хөдлөл ихтэй, амархан баярлаж, гомддог нэгэн байсан аж. Мөн
түүнийг тусархуу, сайхан сэтгэлтэй хүү байсан юмсан гээд халаглах хүн ч
таарч байсан. Тэрээр агуу хайр сэтгэлтэй учирч, хүссэн сургуульдаа
сурахын хажуугаар ажил хийх зорилго өвөрлөн ирсэн тухайгаа танил
хүмүүстээ ярьдаг байсан гэнэ. Энэ талаар гэрээслэлд нь бичсэнээр
хайрласан охин нь түүнийг тоогоогүйгээр үл барам гомдоогоод орхисон аж.
Ийнхүү сэтгэлийнхээ зовлонд шаналж байсан түүнд амьдрах итгэл өгөх юу ч
байгаагүйг дурьджээ. Тодруулбал, зорьж ирсэн ажил, сургууль гээд түүнд
аль ч байгаагүй нь дээрх үйлдлийг хийхэд нөлөөлсөн талаар бичсэн байна.
Гэсэн ч хүн, тэр тусмаа эр хүн гэдэг сэтгэлийн хаттай байх ёстой. Түүнд
гэр бүл нь байсан шүү дээ гэсэн эмзэглэл өөрийн эрхгүй төрж байсан юм.
Үүнийгээ ч уулзаж мэдээлэл авсан эх сурвалжууддаа нуулгүй хэлэхэд гэр
бүлийнх нь дарамталдаг байсан байж магадгүй гэж хариулах хүн олон
байсан.
Талийгаачийг олоход мөс болтлоо хөлдсөн байжээ
Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгасан. Тиймээс хэргийн
талаар зарим зүйлийг тодруулахаар тус хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга,
цагдаагийн хошууч Х.Баатартай уулзсан юм.
-Талийгаачийн цогцосыг айлын байшингаас олсон гэж байсан. Тухайн үед тэр айлд хүн байгаагүй юм байх даа?
-Тиймээ өөр газраас олсон. Хан-Уул дүүргийн IV хороо, Арцатын нэгдүгээр
гудамжнаас. Гэхдээ айлаас ч биш л дээ. Дутуу баригдсан байшин дотор
нас барсан байсан.
-Түүнийг хэзээ нас барсныг тогтоосон уу?
-Тогтоогоогүй. Гэхдээ хэргийн газар очиход цогцос мөс болтлоо хөлдсөн,
өмссөн малгайтай цамц, толгой, нуруу нь цасанд дарагдсан байсан.
Тиймээс түүнийг нас бараад удсан гэж хэлж болно. Он гарахын өмнөхөн
түүний гэртээ үлдээсэн гэрээслэлийн дагуу гэрийнхэн нь цагдаад хандсан
байсан. Ингээд түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн.
-Тэгэхээр гэрээсээ явсан өдрөө ч нас барсан байж болох нь ээ?
-Тиймээ.
-Уг хэрэг холбогдуулж хэн нэгнийг шалгаж байгаа юу?
-Үгүй. Тийм шаардлага байхгүй. Гэрээслэл өөрөө бичиж үлдээсэн учраас тэр.
|