Залуу хүний зовлон /Хошин өгүүллэг/
|
|
Ядуу хүний зовлон яасан их вэ гэдэг шиг залуу хүний зовлон зөндөө байх
юм гээч?! Би сэтгүүлч мэргэжилтэй, төгсөж ирээд дөнгөж нэг ажилтай
золгоод байж байгаа юм. Холын хамаатан нэг ахындаа толгой хоргодно.
Тэднийх маань дөрвөн ханатай гэртэй унинаасаа олон хүүхэдтэй гэхэд
хилсдэхгүй. Орой үдэш юм бичих байтугай ном уншихад төвөгтэй. Ингээд би
сонинд "Өрөө хөлслүүлнэ үү" гэсэн зарлал гаргалаа. Ердөө л маргааш нь
редакци руу хүн утасдлаа.
Тэр "Ганц бие гадаад хэлтэй сэтгүүлч гэж байгаа, үнэнээ хэлэхэд чи
цаанаа хүлээж байгаа эхнэртэй хүн үү? Шулуухан хэлчих" гэсэн гүдэс
байрын хүний дуу сонсогдлоо. Би "хоёр жилийн дараа авгай маань
гадаадаас төгсөж ирнэ" гэвэл тэр. "За, за тэгвэл ч яриа таарахгүй юм
шив дээ. Би уг нь охиндоо хань ижил олж өгөх санаатай байгаа хүн" гээд
утсаа тасаллаа. Гэтэл дахиад утас хангинав. Харилцуурын цаанаас нэг
эмэгтэй "Та өрөө хөлслөх гэж байгаа хүн мөн үү?" гэлээ. Би "мөн, мөн"
гэвэл:
-Та Англи хэл манай охинд зааж чадах уу?
-Би Англи хэлгүй Испани хэл мэддэг.
-Өө манай охин Англи хэлний жаахан дэвсгэртэй юм л даа. Тэгээд гэрийн багш болгочих хүн л хайсан юм.
-Испани хэл болохгүй юм болов уу?
-Тэр хэрэггүй байх аа. Та архи уудаг уу?
-Огт амсдаггүй, тамхи ч татдаггүй. Ердөө юм л бичиж уншиж суудаг хүн.
-Шөнө хурхирдаг уу?
-Үгүй ээ таг чиг нам унтдаг...
-Шал угааж хоол хийж чадах уу?
-Чадахаар барах уу! Оюутны хэдэн жилд тэрнийг чинь л хийж явлаа шүү дээ. Та намайг өрөөндөө суулгачихаач. Би томоотой хүн.
-Чи манай гурван өрөөнд суугаад мөнгийг нь төл! Би охинтойгоо нэг өрөөндөө сууя.
-Юу. Та чинь ганц бие хүн үү?
-Та яасан юм ойлгодоггүй хүн бэ? Би хоёр бие. Охинтойгоо хамт.
-Тэгээд яаж уулзах вэ? Танайх хаана вэ?
-Манайх Биокомбинатад... Тэгснээ хүүхэн тачигнатал инээгээд "Битгий
горьд, чи чинь манай угаалгын газрыг шүүмжлээд байсан нөгөө сэтгүүлч
биз дээ. Найз минь чи харин ажилчин хүүхнүүдийн хувцас сольдог өрөөнд
суувал суу. . . Редакцийн нөхөд маань юм хийлгэхгүй утсаар яриад
гэж уцаарлаж эхлэв. Тэгтэл үдээс хойш нэлээд нас тогтсон байрын эрэгтэй
хүн утас цохьлоо.
-Байр сурагласан хүн үү?
-Тийм ээ! Би байна.
-Арван хоёр квадрат ганц өрөө илүү байх нь байна. Гэхдээ би ядарсан
хүн. Үнэнээ л хэлье. Чи залуу хүн орой үдэш ийм тийм юм цуглуулж хөгжим
танц болоод байхгүй биз?
-Яалаа гэж ах минь. Өрөөгөө түгжээд л ганцаараа ном бариад хэвтчихнэ.
-Чи хөдөө гадаатай юу?
-Хөдөө сумын төвд нэг жолооч ах л бий...Гадаадад ав...Гадаадад юу ч байхгүй.
-Гадаадад нь ч яамай харин хөдөөнөөс өвөл идэш хоол ирэх үү?
-Үгүй, үгүй. Юу ч байхгүй.
-За тийм байдаг байж...Орос дэлгүүрийн пропусктай юу?
-Байхгүй...
-Дэлгүүрт танил байна уу? Ямар нэгэн дэлгүүрт дотны хүнтэй юу?
-Бараг л байхгүй дээ.
-Засгийн газрын сайдуудад танилтай юу?
-Тэр ч мулт даа.
-Чи хувьцаагаа надад нийлүүлэх үү?
-Өгье, өгье.
-Ингэхэд чи манай тэр өрөөнд хэдэн төгрөгөөр сууя гэж бодож байна даа.
-Та л мэд таны хэлснээр л болъё.
-Гэрэл чийдэн хамаг юмтайгаа, халуун хүйтэн ус, жорлон угаалга, гал
тогоо, коридор, хувцасны өлгүүр мөлгүүрт чөлөөтэй хамтран эзэмших
болохоор 250 төгрөгөөр л суу даа. Өвлийн хүйтэнд дулаан байранд амар
байхгүй юу. . . Эргээд чи яриарай гээд ноймер өглөө.
Би
нөхдөдөө энэ тухай хэлбэл "Галзуурсан шулаач вэ? Гурван өрөө байрны
хөлсөөр ганцхан муу умгар өрөөнд хэн суух юм бэ?" Тэрэнд орвол мөнгөө
хураагаад гүрийж явсаар хоршооллын байр худалдаад авчих гэцгээнэ. Тэд
хотын төвөөс намайг Баянхошууны эцсийн буудал хүртэл явж заримдаа ажил
дээрээ хонодог зовлонг даанч мэдэхгүй нь гомдмоор... Утас дахиад л
цангинаж хэлтсийн эрхлэгчийг хялалзууллаа.
-Өөрөө сонины газрын хүн гэл үү? Өрөө эрж байгаа юм биз дээ.
-Тийм ээ та өрөө байвал хөлслүүлэхгүй юу?
-Ах нь дээр үед том алба хааж явсан бас ч алдар гавьяатай хүн. Даанч
дув дуугүй өнгөрөөд байна. Надтай хамт ажиллаж байсан хэд хэвлэл сонинд
бичигдэж, зарим нь тусгай тэтгэвэрт гарчихлаа. Чи ер нь хэр зэрэг
бичдэг хүн бэ дээ? Намайг бичиж өгөх үү?
-Өгье, өгье. Би гайгүй л дээ.
-Хөөе, хөөе ингэхэд чи чинь ардчилсан холбоо молбооны хүн биш биз?
-Яалаа гэж ёстой биш.
-За, за ер нь бодоод байсан болилоо...
Манай утас лавлахынх шиг өдөржин нижигнэж хэлтсийн эрхлэгч маань нүүр
нь чинэрэн уурлаж, зарим нөхөд гадуур ажиллахаар явлаа. Би ажил тарахад
ганцаараа үлдлээ. Хяслаантай юм шиг утас таг шүү. Гэтэл дуугарлаа. Хөөрхий миний баярласан гэдэг жигтэйхэн. Наалинхай эмэгтэй дуу гарч байна.
-Та үнэхээр байргүй, ганц бие юм биз дээ? Хөрөнгө хогшил гээд нэг их юм чирэхгүй биз?
-Яг үнэн. Надад авгай байтугай аяга ч байхгүй, хөрөнгө гэвэл хэдэн ном, ганц бичгийн машин л байна.
-Та өндөр намаараа хэдэн сантиметр вэ?
-Би юү би би... хэд билээ? Метр тавь орчим л байх.
-Тэгвэл намдах юм байна. Пацаан юм шив дээ?
-Би зөвхөн өрөөнд чинь л сууна шүү дээ. Эсвэл нуруу өндөр хүнээр
ханандаа юм хадуулах гэж байгаа юм уу? Тэгвэл би сандал тавьж байгаад...
-Үгүй дээ хонгор минь биеийн жин хэд вэ?
-Жаран хэд л байх...
-Пөөх, тийм намхан мөртөө полдойчихоод яасан их тарган эд вэ?
-Уучлаарай би "Танилцъя" буланд зарлал өгөөгүй, өрөө хөлслүүлнэ үү? гэж л...
-Мэдэж байна аа. Гэхдээ өрөө хөлслүүлнэ үү гэсэн ганц бие эр хүн чинь бас авгай хайж байдаг юм дүү минь. За за баяртай.
Би хэд хоног ингэж утсаар хүний тоглоом болоод барсангүй бас өвлийн
хүйтнээр хэд хэдэн айлын хаалга татаж тэднийг уурлуулсан юм. Учир нь
намайг хүмүүс хуурч огт худлаа огт ондоо айлын хаяг зааж өгчээ. Хаврын
cap гарч би хааяа ахындаа очиж, ихэвчлэн ажил дээрээ хоног өнгөрөөж
явна. Харин зуслан гарахаар өрөөгөө хөлслүүлэх хүн байвал зарлал
гаргаарай! Мөн хойтон өвөл "Хүүхдээ харуулж хөгшдөө асруулах айл байвал
бас зарлал гаргана уу?" Яагаад гэвэл би байр сууцтай болтол ажлаасаа
гарч бичсэн зүйлийнхээ шагналаар амьдрахаар шийдлээ. Олон улсын хуйцааны хороонд хандаж айлтган өргөх бичиг /фельетон/
|
|
Хуйцаа миний бие аль Манж Чин улсын үеэс монгол газар нэвтрэн
монголчуудын таалалд нийцсэн хүсэмжит идээ зоог болсон билээ. Монголын
ван, гүн, ноёд хятадын пүүс данжаадад уригдан залагдахдаа намайг
амтархан зооглодог байсан төдийгүй наймдугаар богд Жавзандамба хутагтын
адьяа гаригийн хоолны цэсэнд орж байсан удаатай. Хатанбаатар ван Ховд,
Улиастайг чөлөөлөхдөө намайг захиалсан, жанжин Сүхбаатар Хиагт хотыг
эзлэхдээ гамингийн гуанзны хуйцаагаар цэргүүдээ хооллосон төдийгүй
өөрөө гурван таваг идсэн гэх түүхэн баримт бий.
Бодоо, Данзан нар хуйцаа сайхан хийдэг байсан, Маршал Чойбалсан Дэвээ
гэгч танил хүүхнээрээ хуйцаа хийлгэж тансагладаг байсан тухай Монголын
чөлөөт хэвлэлүүд мэдээллээ.
Гэтэл хуйцаа намайг социализмын гэх Цэдэнбалын үед хавчин гадуурхаж
Монголын зах зээлээс аажмаар шахаж биточик, гуляш гэх мэт гадаадын
шунахай хоол, бууз, хуушуур гэх мэт үндэсний шовинист хоолнууд түрэн
гарч ирсэн билээ. Жар далаад оны эхээр би Монголын зах зээлээс шанаган
тогоотойгоо бүрмөсөн хөөгдөж суугуул дотор иргэд болон сурвалжит монгол
айлуудад бүгэх болсон.
Энэ хугацаанд миний дарлагдан зовж хавчигдан гадуурхагдаж байсны түмэн
зовлонг тоочоод барамгүй. Хрущевын гэх жилүүдэд Москвад сурч байсан
монгол оюутан намайг
магтсанаас сургуулиасаа хөөгдөж байснаар барахгүй Нью-Иоркод суугаа
Монголын дипломатч бөөрөнхий махны минь амтыг шагших үед бифштекс
хэмээх капиталист хоол халуун шүүсээрээ нүүр лүү нь тургиж байжээ. Энэ
бүхэн нь дэлхийн империалистууд болон ревзонистууд хэрхэн намайг хавчин
гадуурхаж байсны баримт юм аа. Үндэсний баяр цагаан сараар дан ганц
бууз банш тавьж бүх хоол тэгш эрхтэй гэсэн тавин долоон оны Вандумын
хоолны тунхгийг ноцтой зөрчиж байсан юм. Харин ерээд оноос дэлхийн
хоолны уур амьсгал дулаарч эхэлсэн тэр цагаас би Монголын зах зээлд
тодорхой байр сууриа олж Баянгол, Улаанбаатар гэх мэт гол зоогийн
газруудын хоолны цэсэнд магнайн суудлаа эзлэх болсон билээ. Тэр үед
Монголын ажилчин албан хаагчид намайг зооглох гэж гурван цагаас гурван
өдөр оочерлодог байлаа. Зах зээлийн гэх одоо үед хот хөдөөгүй хоолны
газрууд намайг урин залж хийх боллоо. Гэтэл сүүлийн үед гахайн өөхний
оронд хонины шивтэртэй сүүл хийснээр хуа-жу дайлюны амт алга болж,
бөөрөнхий махыг бууз хуушуурын мултарсан махаар орлуулан бүтэц
найрлагыг минь устгах их хэлмэгдүүлэлт эхэллээ. Тэр байтугай тарвага
зурамны мах холих тохиол ч гарч байна. Үүнийг бага үндэстний хоол их
үндэстний хоолыг залгих гэсэн явуургүй оролдлого гэж үзэхээс өөр арга
алга!
Түүгээр ч зогсохгүй өргөст хэмх, лаврын навч, томат холих болсон нь
намайг оросчлох гэсэн давхар бодлого явж монголчууд Филатовагийн үеэ
эргэн санагалзаж байгаагийн илрэл юм. Энэ тухай гомдлоо би Монголын
тогооч нарын холбоонд удаа дараа гаргасан боловч тусыг эс олов. Арга ч
үгүй биз. Эндхийн тогооч нарын холбооны дарга нь Октябрь хэмээх КГБ-ын
тагнуул хүн байдаг бололтой. Тэгээд ч "хуй" гэж оросуудыг би олон жил
доромжилсон удаатай.
Харин ч сахил хүртээд улам дордов гэгчээр оршуулгын хоол гэсэн эвгүй нэрийг сүүлийн үед зүүх боллоо.
Иймд дараах асуудлаар нэр төрөө сэргээлгэхээр олон улсын хороонд хандаж байна.
1.Хөнгөн цагаан болон паалантай саванд хийж байгааг бүрмөсөн зогсоож эх
нутгаас 20000 ширхэг шанаган тогоо Монголд оруулж ирүүлэх
2.Монгол эм хонь бүрийг Тайванийн шилмэл үүлдрийн гахайгаар хээлтүүлж сүүлгүй болгох
3.Монголын тогооч нарын холбооноос нэг дүнчүүр зоос гаргуулж нэр төрийг минь бүрэн сэргээх
Танай хороо дээрх асуудлыг эс шийдэж өгвөөс бид Маккаод байгаа олон улсын Лю-зан-хуагийн хороонд хандах болно.
Монгол дахь хэлмэгдсэн хуйцааны холбоо Модон чагнуур /Хошин өгүүллэг/
|
|
Миний нэгэн танил эрдмийн зэрэг хамгаалах болсныг гэнэт сонсов.
Сонсох ч гэж дээ, ирсэн урилгаас мэдэв. Урилгад бичсэнээр "...Ал ТУШААХ
ӨВЧИН, ТҮҮНИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА" гэсэн сэдвээр докторын зэрэг
хамгаалсны хүндэтгэлийн цайллагад морилон ирнэ үү..." гээд хаяг, цаг
хугацааг заасан байв.
Би цочирдон гайхав. Миний танил бол анагаахын талаар "А"-гүй нэгэн.
Гэтэл урьд өмнө сонсогдоогүй цоо шинэ өвчний талаар эрдмийн том цол
хамгаалчихсан, дайллага цайллагаа хийх гэж байдаг, ямар гайхалтай сонин
хэрэг вэ? Өнөөдөр
чинь арай дөрвөн сарын нэгэн биш биз дээ. Гайхахдаа дотно танил хэдэн
хүн рүүгээ утасдав. Цөм л над шиг мэл гайхаж, цэл хөхөрсөн байлаа.
Бид ярилцаж байгаад эртний үнэт эдлэлийн дэлгүүрээс эмч нарын
хэрэглэдэг байсан модон чагнуур, эмийн тунгийн зэс халбага худалдан авч
бэлэглэхээр бэлдээд дурдсан цагт нь очвол үнэхээр нүсэр будаалга болох
төлөвтэй ажээ. Харин
зочдын байдлыг ажвал гол төлөв нийгмийн ухааны, төр засгийн зүтгэлтэн
явсан эрхмүүд агаад анагаахын талаас гэвэл нэгэн үед сайдын алба хашиж
ихэд нэрд гарч байсан өвгөн академич, сэтгэц судлалын доктор туранхай
хатагтай хоёроос өөр хүн харагдахгүй байна.
Тэгэхнээ нь танилын маань эрдмийн ажил нь анагаах ухаанд шал хамаагүй
сэдэв байжээ. "АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭРХЭЛ ӨВЧИН..." гэсэн үгийг бид буруу
ухсанаас ямар ч утга учиргүй бэлэг бэлджээ. Тоншуул, шаазгай хоёр /Хошин өгүүллэг/
|
|
Өглөө эрт хэдэн тайрдас хагалаж байлаа. Хагалсан нарснаас унасан өт
түүж амташсан хэдэн шаазгай намайг бушуу холдооч гэх шиг хашааны оройд
шулганалдан тонголзоно. Цаахан талд нь байгаа цахилгааны утасны хувхай
шонгийн модонд тог тог, тог-тог-тог гэх чимээ гарлаа. Ажваас бяцхан
саарал эрээн тоншуул хорхой ангуучлан жижиг жижиг зомгол үсчүүлэн байна.
Ойн хөдөлмөрч сувилагч тоншуул яагаад төв суурин газар ирдэг билээ? гэж гайхан харж байтал шонгоос өт аваад нисэн одов.
Дэлхий ертөнцийн аж байдал, жам ёс, адгуус амьтдын амьдрах жаяг хувьсан
өөрчлөгдсөний барин тавин баримт энэ ажээ. Ой модны дайсан өт хорхой
хаана өсч үржиж байгааг ажиж мэдсэн тоншуул хаа байгаа газраас нь олж
түүн цэвэрлэн байхад бэлэнчилж сурсан үглээ алаг л бахь байдгаараа айл
хот эргүүлж, өвдөл цөвдөл эрэн нохойн идүүр, түлээний хог эргүүлэн
шаагилдаж явдаг хэвээрээ байна.
Манайд тоншуул даанч цөөн, шаазгай тоймгүй олон юм даа, хөөрхий Буянтны хишиг /Шог өгүүллэг/
|
|
Би сургууль төгссөн өдрөөсөө эхлэн хилэн хар үсээ мөнгөн буурал болтол
сайн даргынхаа тухай бүтээл туурвиж яваа ахмад уран бүтээлч билээ.
Ганц би ч биш миний үеийн бичдэг, зохиодог, зурж урладаг хүн толгойтой
бүхэн уралдан өрсөлдөж, буянт даргынхаа тухай туурвин хишгийг нь цадаж
ханахаа мэдэхгүй хүртэж яваа улс. Даргын тухай кино, жүжиг, ном зохиол,
зураг баримлын ганцхан хувийг хурааж цуглуулъя гэвэл нэг байтугай хэд
хэдэн музей ч багадана.
Энэ бүхэнд олгосон харамж мөнгө, гавъяа шагнал тэнгэрийн одноос олон
гэхэд маргах хүн нэг их гарахгүй биз ээ. Хөөрхий буянт дарга маань
энэрэлгүй хорвоогийн жамаар бие бараад удсан ч үйлс гавъяа нь мөнх юм
чинь бид алдаршуулан магтаж хүртдэгээ хүртсээр байлаа.
Тэгтэл сүүлийн үед ивээлт нарны наагуур чивэлт хар үүл сүүдэрлэн таглах
мэт ахмад бидний бүтээлийг хэт бялдууч гэж хялайгаад урагш ганц ч
алхуулахгүй дөнгөлөөд авав. Тэр ч бүү хэл, биднийг "цагааныхан" гэж
өөлөн, тэтгэвэртээ гар хэмээн хөөв. Үр хүүхэддээ ажлаа залгамжлан
өвлүүлэх гэж байгаа болохоор урамтай нь аргагүй суудлаа чөлөөлөв.
Тэгтэл ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэр болов. Хүү маань
буян өлзийгөө хайрласан өөгүй өндөг шиг даргыг минь нүгэлт хүн болгож
гялайх юмгүй пад харлуулсан бүтээл туурвиж хэрэг мандуулав. Тэр нь
хүний мууд дуртай уншигчдын нүдийг нээн сэтгэлийг нь сэргээж шагшин
шуугилдав. Хүү маань бидний хийж бүтээгээгүйг нүд ирмэх зуур амжуулж
шан харамжинд нь биднээс хавьгүй илүү мөнгө зоос хүртдэг боллоо. Би
аргаа барахдаа нэг өдөр хүүгээ дуудаж
-Муу аавыгаа бодсон ч ... энэ хүний хайр ивээлээр энэ зэрэгтэй яваагаа
бодсон ч даанч ийм юм бичих гэж дээ гэсэн үг хэлтэл хүү маань дүрсхийж,
-Хүмүүс таныг газар доор ортол муулж, хуучныг баримтлагч зохиолч гэж
шүүмжилж түүнийхээ шагнал мөнгөөр машин тэрэг авч байна. Та их нүгэл
үйлдсэн хүн. Наад одон медалиа авч хая! Харин та буруугаа наминчилж
булхайгаа илчилсэн юм бичвэл их гүйлгээтэй байна...
Төрсөн үрээсээ ийм ёозгүй муухай үг дуулж бараг л багалзуураа шахуулсан
мэт болоод байтал гадаадад сургуульд явсан ач хүү минь төгсөөд орж ирэв.
-Энэ эцэг чинь ахмад үеийнхээ толгой дээр шээс алдаж, гэмгүй даргыг минь нүгэлтэн болгож бичээд мөнгө цохиж яваа нүгэлтэн.
Чи бид хоёрын хэнийх нь зөвийг өдөр шөнө шиг ялгаад аль! гэлээ.
Хүү минь насны тэтгэвэртээ ойртох тутам нойр хоолгүй юм бичиж буянт
даргын минь хамаг муу муухайг нь ухан төнхөхийн дон нөхцөж шагналаас
өөр юм бодохоо болив.
Ертөнцөд ээлж халаагүй юм гэж байх биш дээ. Хүүгийн минь бүтээлийг "хэт
харлуулагч" гэж зад шүүмжлэн үе тэнгийнхнийг нь "Харынхан" гэж нүд
үзүүрлэх болов.
Төдөлгүй хүү тэтгэвэртээ сууж ач маань бид хоёрын хойноос улаа нэхэхээр
эцгийнхээ суудлыг эзлэв. Тэр бас хүн заагаад өгчихсөн юм шиг буянтан
буурал даргын минь зөөхийг ухаж эхэллээ. Ер нь бид удмаараа хөөрхий
буянт даргыгаа "мөлжиж" амь зуух тавилантай улс байжээ. Тэгэхдээ
минийхтэй адил өөхөн цагаан биш, хүүгийнх шиг пад хар ч биш зүйрлэж
хэлбэл өөх мах нь алагласан тарган үхрийн дөрвөн хавирга шиг намба
төрхийг нь тохируулжээ. Олон түмэн хар цагаанаас уйдсан yy эсвэл ачийн
минь чадал чансаа тийм цоорхой байсан уу хоёрхон жилийн дотор ёстой нэг
тодрох нь тэр ээ. Би "голыг нь олжээ" хэмээн! ачдаа баяр хүргэтэл тэр,
-Аав, өвөө та хоёр мөн ч холиож байжээ. Өвөө хойд туйл руу, аав урд туйл руу ханараад...гэж зальтай нь аргагүй бултав.
-Хоёр туйлыг чи л холбох ёстой доо гэхэд эцэг нь тэндээс тас дайрч,
-Чиний энэ бөөрөнхий санаа юунд хүргэх бол доо, Та нарыг чинь гадуур
"саарлынхан" гэж хүмүүс жиг жуг гэцгээх болж дээ гэж суув, Би,
-Зөв ч бай, буруу ч бай бид гуравт хөөрхий дарга хишиг буянаа хайрлалаа.
Цаашдаа ч та нарын үр ач нар ч хүртэнэ. Тэгэхдээ зөв л хүртэцгээе гэж хэлж билээ. Хотол бялуу /Хошин өгүүллэг/
|
|
Хотол бялууг дэлгүүрээс худалдаж аваад, ширээ тойрон сууцгааж голоос нь
зах руу нь хэм тэнцүү гурвалжлан зүсэж амтархан хүртдэгийг мэдэхээс бус
эмтлэн амсаж, хадганд боон авдартаа хийн хадгалдаг тухай та сонсоогүй
биз дээ? Тийм нэгэн сонин бялууны тухай өгүүлсү. Насан өндөр болсон
өвгөн Дэлгэр, эмгэн Бүзмаа нар ууган хүүгээ дуудан ирүүлж аагтай шаргал
цай, амттай боовоор дайлсны хойно хоймрын бор авдраа уудалж, нандигнан
боосон нэгэн зүйл гаргаж, адис аваад явган ширээн дээрээ заллаа.
Эмгэн Бүзмаа руу нүдээрээ дохиход тэр шаламгайлан босож үүдээ түгжлээ.
Эл үйл явдлыг эхнээс нь жирийн ажиглаж суусан Хайнзан "Аав үнэт эдлэлээ
надад өвлүүлэхнээ. Арга ч үгүй биз дээ, би чинь айлын ууган хүү шүү
дээ" хэмээн бодож амжлаа. Давхарлан боосон баринтагийг задалсаар нэгэн
дугуй боов аятай бор шаргал зүйл гарган ирээд сэтгэл бардам мишээж, "За
энэ эрхэм чухал эрдэнийг чамд өвлүүлэх цаг ирлээ. Дөнгөж долоон үеэ
мэддэг над шиг Лиунхаг өвгөн үүний нас сүүдрийг хэлж эс чадна. Түмэн
олны баян тансаг амьдралын утга учир энэ хотол бялуунд оршино. Үүнийг
амсахаас бус хүртдэг идээ биш. Холтлон амсаад боосны хойно өөрөө нөхөн дүүрнэ.
Дээр доороо уйгаржин бичээс бий. Алив би уншиж өгье. Та нар ер нь босоо
бичигт боловсрох хэрэгтэй шүү гэлээ. "Дээд тэнгэрийн зарлигаар арвижин
баяжму" гэжээ гээд хотол бялууг эргүүлж ар талын бичээсийг ихэд
хичээнгүйлэн үсэглэх шахуу амандаа бувтнан "Өргөн түмний буянаар
өргөжин тэгширмү" хэмээлээ.
Хайнзангийн толгойд арвижин баяжму гэсэн үг цахилгаан адил гялсхийж,
ийм юмтай болно, тэгж хөрөнгөжнө гэсэн санаа зураглан буулаа. Дэлгэр
живэр сахлаа илэн
инээвхийлж, ууган хүүдээ өгөх ёстой юмаа өглөө. Ах дүү нартаа хэлж тэгш
амсуулж, нандин шүтээнээ дээдлэн хадгалж, амар амгалан жаргаарай хэмээн
сэтгэл бардам өгүүлээд, хөгшин хонины насгүй болсон эмгэн бид хоёр
хичнээхэн удхав. За миний хүү хотол бялуунаас хувиа хүрт хэмээн өргөн
барилаа. Хайнзан бялууг хоёр гардан авч, захаас нь эмтлэхэд яг өнөөдөр
үйлдвэрлэсэн мэт зөөлөн бөгөөд бурам чихэр амтагдаж араанд ууслаа.
Хэдэн арван үеийг элээсэн атлаа ийм шинэхэн амттай бялуу байдаг аа
хэмээн гайхшрахын сацуу өөр хэнд ч өгөхгүй юм шүү гэх нэгэн шуналт
бодол төрлөө. Аав руугаа харан хүчээр инээвхийлэхэд тэр дотор санааг нь
таасан мэт дүнсийн барайсан харцаар "Ахан дүүстээ хэм тэгш амсуулаарай"
хэмээн хэгжүүрхлээ. Хайнзан нандин эрдэнээ авчирч далдын далд нууцлан
хадгаллаа. Тэр цагаас хойш санаа дагаад тэр үү ажил үйлс нь өөдрөг
бүтэж, хотол бялуу гардаж авах үед сэтгэлд сэрхийсэн машин тэрэг, амины
орон сууц, аль хүссэн бүр нь биелжээ.
Нандин шүтээнээ үдшийн шөнө ганцаараа задлан үзэж, жаахан жаахан амтлан
хүртэхэд дорхноо л нөхөн ургаж тэгширнэ. Хайнзангийн санасан хүсэл улам
бүр оргилон нэмэгдэж, хувийн компаниа өргөтгөн томруулж, хэд хэдэн охин
компани байгуулж, гадаад харилцаагаа
өргөжүүлж, улсын тэргүүн баяны нэгэн боллоо.
Аав ээж хоёр нь мөнх бусыг үзүүлж эхнэрээ сольж, залуу эхнэр аван хэн ч
хийгээгүй өргөн хурим өдөөж, хүүхдүүдээ тусгаарлалаа. Түүнийг баяжихын
хэрээр ахан дүүс, эргэн тойрныхон нь улам бүр ядуурах нь илт харагдах
боллоо. Хайнзан арчаагүй залхуу, амьдралын төлөөх овсгоогүй тэднийг
хараад өрөвдөх бус үзэн ядна. Тэр бялуугаа захаас нь эмтлэн амсахаа
больж, хэлтлэн идэж, сүүлдээ өм өм тасар татан авч залгихад дорхноо л
нөхөн дүүрнэ. Олсон олз, хураасан эд агуурс нь чамлагдах болсноор нэгэн
удаа бялууныхаа ихэнхийг хоолой давуулаад сэтгэл амар унтлаа.
Тэр цагаас хойш ажил нь нэг л урагш муудаж, их бага гарз учирч, өр зээл
нэмэгдэж, мөнгө зээлсэн хүмүүс эргүүлэн өгөхөө больж, үйлдвэрлэл нь
саарч, нэр хүнд нь доройтлоо. Залуу эхнэрийн ааш хувирч, хөгшин
мангуугаар нь дуудах нь олширлоо. Эргэн тойрныхон нь илт баяжин хөлжиж,
үгээгүй ядуу ахан дүүс, зарц нарынх нь амьжиргаа дээшилж, хувь хувиа
бодож, уучлал гуйн салан тусгаарлах боллоо. Хайнзангийн хор шар нь
буцалж, аргаа баран уруудах доройтохын зовлон үзэж суухдаа бялуугаа
харах нэгэн бодол төрлөө. Үүр шөнийн заагаар өрөөнийхөө үүдийг түгжиж
аваад бялууныхаа баринтагийг тайллаа. Хотол бялуу огт ургаж
дүүрээгүйгээр барахгүй үлдсэн хэсэг нь хатаж хумигдан хорчийсон байлаа.
Хайнзангийн дотор муухайрч гайтай бялуунаас нэг мөсөн боллоо хэмээн
адган уурсаж, эргүүлж тойруулан үзэхэд, дээд талд нь "Дээд тэнгэрийн
зарлигаар", ар талд нь зөвхөн "эгширмү" гэсэн үгс хоцорсон ажээ. Тэр
амандаа "Дээд тэнгэрийн зарлигаар эгширмү" хэмээн өөртөө дуулдах төдий
үглэсээр ухаан санаа алдарлаа. Өвгөний гайхширал /Хошин өгүүллэг/
|
|
Хатгины Лувсан өвгөн компанийн даргатай уулзахаар конторт нь явж ороод нарийн бичгийн даргаас нь:
-Охин минь би танай даргатай уулзаж болох уу гэж асуухад
-Та жаахан хүлээж байгаарай. Манай босс хүнтэй уулзаж байна гэхэд
Лувсан нарийн бичгийн дарга уруу ёозгүйхэн харж, энэ яасан увайгүй
хүүхэд вэ. Даргыгаа боос гэж байдаг. Давхар биетэй хүнийг хөл хүндтэй,
жирэмсэн гэдэг болохоос биш гэзээ гүү мал шиг боос гэдэг байлаа. Үгүй
тэгээд энэ компанийн дарга чинь эрэгтэй хүн гээгүй бил үү. Энэ охины
ярьж байгаагаар бол эмэгтэй хүн, тэгэхдээ бүр хөл хүндтэй хүн байх нь
ээ гэж бодоод сууж байтал нарийн бичгийн дарга,
-За та одоо ор гэв. Лувсан өвгөн эмэгтэй даргатай уулзах нь гэж бодоод хаалгыг нь аяархан онгойлгож,
-Орж болох уу, дарга аа гэж намуухан дуугаар асуув.
Тэгтэл хүдэр бор царайтай хүдэр эр ширээний араас
-За гэв. Лувсан гайхас хийж энэ дарга нь лав биш байлгүй. Тэгэхдээ
ширээн дээр сууж байдаг нь юу билээ гэж бодоод ороход тэнд ердөө л нэг
эрэгтэй хүн байв.
Үгүй хачин юм аа. Өнөө давхар биетэй гэдэг чинь юу билээ. Энэ чинь эр
хүн байна гэж дотроо бодож гайхсан авч ажил явдлаа яриад гарч одлоо.
Тэрээр орой хүүгийндээ эргэж ирэхэд хүү нь
-За аав аа, ажил явдал чинь бүтэмжтэй юу? Өнөө компанийн захиралтайгаа уулзав уу гэж асуухад Лувсан
-Уулзлаа, хүү минь гээд янжуур гарган асаагаад
-Үгүй, хачин юм даа гэхэд хүү нь
-Юу нь хачин гэж хэмээн лавлахад
-Тэр компанийн нарийн бичгийн дарга нь даргыгаа боос гээд байх юм.
Гэтэл тэр дарга нь эрэгтэй хүн байх юм гэж их л гайхсан янзтай
толгойгоо сэгсрэн ширвээ сахлаа имрэхэд хүү нь инээмсэглэн,
-Ээ аав минь дээ, энэ чинь хээлтэй гүүг боос гэж ярьдаг малчин та нарын
үг биш. Дарга хүнийг босс гэдэг байхгүй юу гэж учрыг тайлбарлахад
Лувсан өвгөн хүү өөдөө том харж -За тэр, тэгэж таарна. Хөдөөний бүдүүлэг Монгол бид чинь хотын
боловсон та нарын гадна дотнын үг хэл хутгасан яриаг ойлгохоо байгаад
байна шүү гээд одоо тэгээд яадаг юм билээ гэсэн янзтай бодлого болон
тамхиа нэг хоёр сорон суув.
Залуу редакторуудын гарын авлага /егөө/
|
|
Би хэвлэл мэдээллийн байгууллагад он удаан жил ажилласан арга
туршлагадаа тулгуурлахын дээр хатагтай Сарнайцэцэгийн "Хүний өмссөн
хувцас болон нүүр царайны өнгийг харьцуулан, ухааных нь чадавхийг бодож
гаргах таблиц", ноён Түмбэжамбын "Үсээ урт ургуулсны хүчинд би ийм их
ухаантай болсон" хэмээх дурсамжийн ном зэрэг сайн сайн зохиол
бүтээлүүдээс ашиглан залуу редакторуудад бяцхан зөвлөмж бичихээр
шийдэв. Үүнд: Урт үстэй, Чингис хааных шиг сахалтай, шар буюу өөр
өнгийн торгон дээлтэй, мөнгөн тоногтой аралтай бүс бүсэлсэн хүмүүс бол
агуу их ухаантан, тэргүүлэх зэргийн эх оронч хүмүүс байдаг тул эдгээр
хүмүүсийн бүтээлүүдийг нийтлэхдээ үг, үсэг ч сольж болдоггүй юм.
Баруун фирмийн хувцастай, гартаа "дипломат" цүнх барьсан хүмүүс бол
нэлээд найдвартай хүмүүсийн тоонд орно. Эдгээр хүмүүсийн ухааны
чадавхийн гол шалгуур нь гэдэс
байдаг юм, Зургаан сартай жирэмсэн эмэгтэйн хэмжээний буюу түүнээс их
гэдэстэй хүмүүсийг бараг л эхний хүмүүсийн хэмжээнд авч үзэж болдог.
Үнэ хямдтай, Хятадад үйлдвэрлэсэн буюу бусад янз бүрийн хувцастай ажлын
хувцастай ч байж магадгүй!! хүмүүсийн бичсэн зүйлийг үзэлгүй буцааж өгч
байх хэрэгтэй. Ямар нэгэн зайлшгүй шалтгаанаар эдгээр хүмүүсээс
материал авч нийтлэх шаардлага гарвал жишээ нь:
"Уудам цэлгэр талд тэмээн сүрэг билчээрлэнэ" гэсэн өгүүлбэр байлаа гэж
бодвол түүнийг "Ойн бяцхан цоорхойд ганц ямаа майлан зогсоно" гэж
өөрчилж өгвөл сайн болдог.
Одоо нүүр царайны онцлогийн тухайд хэдэн үг хэлье. Бүргэд мэт өндөр
хамартай, хамрын доторхи үс нь ил харагдаж байдаг хүмүүс бол хэтэрхий
зоримог, үлгэрлэвэл: догшин азарганы сүүлнээс хоолны цагаан түмпэн
зүүгээд тавьчихсан мэт давхидаг учраас хазаарлаж өгөх хэрэгтэй. Харин
налчгар хамартай хүмүүс хүүхэмсэг эрчүүд хөршийнхөө эзгүйд эхнэртэй нь
ярьдаг шиг хэтэрхий "манж" үгээр бичдэг тул зохих хэмжээгээр хурцалж
өгвөл сайн. Эцэст нь редактор хүн бол хүнийг гаднаас нь хараад ялган
таньж чаддаг гоц авъяастайн дээр сэтгүүлч, уран бүтээлч, идэвхтэн
бичигчдийн үзэл бодлын чигийг заагч од нь, бүхнийг мэдэгч бивангирдэч
нь байх ёстой гэдгийг дүгнэлт болгон хэлээд энэхүү зөвлөмжөө төгсгөе.
Хэвлэл мэдээллийн залуу ажилтнууд миний энэ бяцхан зөвлөмжийг гарын
авлага, ширээний номоо болгож авбал, адаглаад агуу их хүмүүсээ танихгүй
мунгинах буюу үл бүтэх хүмүүсийн харш муу бүтээлүүд нийтэлж буруутах
явдал гаргахгүйн дээр он удаан жил ажиллах баталгаатай болох юм гэдгийг
би найдвартай хэлж чадах байна. Наадмын анхны өдөр их насны морь харах л сайхан байдаг даа. "Морь
бариачид мордоорой" гэж бүдүүн дуутай хүн цагаан хоолойгоор зарлах
дуунаар бид хурдан морь барьдаг бор толгой өөд давхилаа. Хүмүүс
дурандаж байна. Багадаа би морийг нь унаж байсан Данаа өвгөний дэргэд
очлоо.
Данаа гуай чичрээд дурангаа барьж чадахгүй хоёр талаасаа хоёр дүүгээрээ
бариулан дурандаж байснаа "Нүд бүрэлзээд харж чадахгүй байна. Алив та
нар хараад өгөөч! Миний загалын харайлт мөн шиг байх юм. Гэтэл
хүүхдийнх нь цамц биш юм уу даа? Манай хүн чинь ямар цамцтай явлаа даа"
гэж хоолой нь хоржигнон надад дурангаа өглөө. Дурангийн хараанд, хэдэн
жил би наадамд унаж бариа дөхөөд ирэнгүүт дэлэнд нь хацраа наан
гийнгоолж ташуураа хий эргүүлэх агшинд зэрэгцэж явсан мориноосоо шидсэн
чулуу шиг тасарч, нумлан харайсаар наадмын магнайг авдаг загал морь
дүрээрээ.
-Мөн байна гэж би хашгирав.
Данаа гуай дахин дурандах гэж их хөглөлөө. Тэр нүдээ арчаад дурангаа
надад өгөхдөө "Ард нь нэг бараан зүсмийн морь мөн ч ширүүн явна даа"
гэв. Би дуранг аваад харвал нээрэн бараан морь, загалын сүүлийг дэрлэн
ойртож ирснээ зуузай холбов. Морьд барианд ойртлоо.
Дурандах ч хэрэг алга. Бид ч мордов. Намайг "За одоо л тавьдаг цаг даа"
гэж үглэн эмээл дээрээ тогтож чадахгүй хавчигнаж байтал өнөөх бараан
морины хүүхэд буруу тал уруугаа ойчихнуу гэлтэй гуйван Түүг" хэмээн
цангинаад жолоогоо султгатал хээр морь суга үсрэн төөлж байгаа мэт
эвхрэн сунасаар түрүүлж ирэв. Түрүү морь луу хүмүүс хошууран
давхицгаав. Загал удаа нь оров. Сургийг нь сонсвол зэргэлдээ сумын морь
түрүүлжээ. Данаа гуайн дэргэд нутгийн хүмүүс ирж "Хүүхэд нь
гэнэдчихлээ" гэж билээ.
Наадмын хоёр дахь өдөр би бөх харж асар хавьцаа сууснаа босч гадуур
гарч хурдан морины майхан хэсч явсаар ирвэл сүүлчийн дөрвөн бөх үлджээ.
Миний хажууд суусан өвгөн " Баруун аймгийн тууварчин юм гэнэ. Ээ дээ
бас сайхан хүү! Мөн ч өнгөтэй байна даа. Дандар заан яадаг л бол?..."
гэлээ. Би хэрэгт дурлаж
"Аль вэ?" хэмээн асуувал "Тэр тэр! За аваад явчихлаа. Тэр давж байгаа
залуу" гэлээ. Өнөөх тууварчин үзүүт үлдлээ. Би хөлийн цэцийн асарт очиж
тууварчин эрийг харахаар явав. "Одоо Дандар заантай үзүүр булаацалдана.
Дандарыг давчихаасай" гэж бодсондоо тийшээ яваа юм шүү дээ. Нар салхинд
онгож гандсан цагаан цэнхэр тэрлэгтэй өвгөний дэргэд аавын
миньбарьдагзандан суман ташуур шиг гөлчийсөн хүрэн биетэй өндөр чацтай,
гол шиг сайхан залуу ташаа тулан зогсож байна. Ёстой цахиур Төмөр л ийм
эр байсан байхдаа гэсэн бодол намайг эзэмдэв. Төдөлгүй үзүүрийн хоёр
бөх гарлаа. Наадмын дэвжээ тэр аяараа, гадны хүнд бөхөө алдаж яасан ч
болохгүй хэмээн Дандарт итгэл хүлээлгэж байв. Тэр хоёр барилцаж авлаа.
Дандар тууварчны баруун хөлийг тэвэрч авахад наадамчид уухай хашгиран
өндийв. Би ганцаараа харамсан бостол "миний" бөх дотуур дэгээ ороон
ганцхан эргээд Дандарыг даван өөр дээгүүр нь давж унав.
-Хайн, хайн гэж хашгирах түмэн хүний дунд:
-Дандар гуай унасан, унасан гэж байдгаараа хашгирах миний дуу надад л сонсдож байв.
Дандар заан тахимаа өгөхгүй ханхалзана. Хоёр засуул хөлийн цэцийн асар
луу халбаганан гүйв. Дахин барилдах боллоо. Зүрх минь бөмбөртөл чичрэн
би өөрөө барилдах гэж байгаа мэт догдлон байв. Миний хажууд ромбо
зүүсэн хоёр залуу "Наадах нь уул нь унасан шүү дээ" гэхээр нь " Яг тийм
унасан" гэж хэлэв. Дахин бөөн уухай хашгирав. Харвал хоёр бөх хоёулаа
босч байна. Дандар дэвсээр туг тойроод тахимаа авах гэтэл тууварчин эр
толгой сэгсрээд гол асрын зүг нэг юм хэлснээ шуудхан наашаа алхчихав.
Дэвжээний гол уруу наадамчид хошууран ороход би ганцаараа тууварчин эр,
өвгөн хоёрын араас даган хашаанаас гарлаа. Надад харамсах сэтгэл
төрж мориндоо мордон тэдний дэргэд очив. Тууварчин эрийн царай хүрлийн
зодог шуудгаа бүсэлж байна. Би зориглож"Та уул нь давсан шүү дээ" гэвэл
тэр намайг гайхан харснаа "Чи энэ нутгийн хүү юу?" гэв. Би дуугүй
толгой дохив. Тэр уртаар санаа алдсанаа "За яахав, замын хүзүү урт. Ах
нь тууврын замд олон газар барилдсан хүн. Зарим газар ингэж нутгархах
удаа гардаг юм даа. Үнэн юм үнэнээрээ. Хойтон ирж даагаа нэхнээ?" гээд
хар голтой бүдүүн халиун мориндоо хавхийтэл мордоод "За дүү минь
баяртай" гэснээ:
-Хатираад байх уу Аниа гэж хажуу дахь өвгөндөө хэлээд, оройн нарны
улбар туяан доогуур тууварчин эр дөмөлзтөл хатируулан одоход сэтгэлд
минь "үнэн юм үнэнээрээ" гэсэн сайхан үг шингэн шингэсээр уусч билээ.
|